“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ШИНЖЛЭХ УХААНЫ ОРОЛЦОО” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөс санаачлан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, салбар яамд, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөл 800 гаруй хүн оролцсон.

Энэхүү хэлэлцүүлэлгийн зорилго нь шинжлэх ухаан, технологийн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” хөгжлийн дунд хугацааны үндэсний хөтөлбөрт тус салбарын үүрэг оролцоог тодорхойлох, салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл тавилаа. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д эрдэмтэн, судлаачдын оролцоо өндөр гэдгийг чухалчлаад цаашид шинжлэх ухаан, технологийн хөгжил рүү шилжиж, үүрэг оролцоо улам нэмэгдэхийг онцоллоо. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл гарцыг тодорхойлж, ойрын үед Засгийн газарт танилцуулах үүрэг даалгавар өглөө.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” илтгэл тавьлаа.  Өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны 71 байгууллагад 5085 судлаачид ажиллаж байна. Манай эрдэмтэн, судлаачид “Шинэ сэргэлтийн бодлого”-д дараах чиглэлээр оролцох боломжтойг танилцуулсан.

Аж үйлдвэрийн сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

Шинжлэх ухаан, аж үйлдвэр зэрэг хөгжиж байж биет бүтээгдэхүүн баялаг бий болгодог. Иймд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын тэргүүлэх чиглэл, цөм технологийг аж үйлдвэрийн салбарын стратегийн бүтээгдэхүүнтэй уялдуулна. Нүүрснээс нийлэг хий, устөрөгч гарган авах, бордоо, полимер, химийн үйлдвэрлэлийг бий болгох, уул уурхайн хаягдлаас үнэт, ховор элемент, эдийн засгийн ач холбогдолтой эрдсүүдийг ялгах гэхчлэн эдийн засгийн бодит өсөлтийг бий болгох чиглэлд ажиллана.

Ногоон хөгжлийн сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол орны бүс нутагт тохирсон төрөл зүйл модны үр, хөрсийг бий болгох, тарьж ургуулах технологи дамжуулж, нутагшуулна. Усны нөөцийн хадгалалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн цогц судалгааг хийх, ундны усны чанарыг сайжруулах. Мөн энгийн болон аюултай хог хаягдал, цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулна.

Эрчим хүчний сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах, байршлын судалгаа, эрчим хүчний балансын судалгаа хийх. Сэргээгдэх эрчим хүчний бүтэц, төрөл, байршлыг зөв тодорхойлохоос гадна байгалийн хийн хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд эрдэмтэн, судлаачдыг оролцуулна.

Боомтын сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

Хилийн боомтын эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, макро эдийн засгийн түвшний нөлөөлөлд дүн шинжилгээ хийнэ. Олон улсын жишигт нийцсэн ухаалаг, цахимжсан боомтыг бий болгох, хуурай боомтыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хот, хөдөөгийн сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл таталцлын кластер бүсчлэлийг тодорхойлж, түүнийг дагасан дэд суурьшлын төвүүдийг байгуулах. Хөдөө аж ахуйн нөөц, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцон 21 аймаг, 330 сумыг бүсчлэх, сум дундын төвүүдэд түшиглэсэн түүхий эд бэлтгэх, анхан болон эцсийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Төрийн бүтээмжийн сэргэлт-шинжлэх ухааны оролцоо:

Судалгааны ажлын тайланг төрийн бүх шатны байгууллагуудад нээлттэй ашиглуулах. School mapping платформ эхлүүлж, орон зайн өгөгдөл, газар зүйн мэдээллийн системд суурилсан шийдвэр гаргалтыг салбар дамнасан судалгааны ажлын хүрээнд гүйцэтгэнэ.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, БШУ-ы сайдын хамтаар “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний шилдэг инноваци” шагналыг гардуулан өглөө. “Шилдэг  инновацийн бүтээгдэхүүн” төрөлд Үндэсний инновацийн шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Төвөөс зугтах хүчний шахуурга” бүтээлд олголоо. “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” төрөлд “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн “Зэв дижитал музей”  бүтээлд Үндэсний инновацийн шагналыг олгосон юм. Үүний дараагаар инновацийн бүтээлийн үзэсгэлэнг үзэж, сонирхлоо.     

Хэлэлцүүлэг “Аж үйлдвэрийн сэргэлт”, Ногоон хөгжлийн сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” гэсэн дэд сэдвүүдээр салбар хуралдаан зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонслоо.

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөс санаачлан тус хэлэлцүүлэгт 2022 онд шинээр байгуулагдсан аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарыг орон нутгаас урьж оролцуулсан.

Энэ нь Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж  эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийг түгээн дэлгэрүүлэхэд аймаг, нийслэлийн боловсрол, шинжлэх ухааны газар, салбар зөвлөл, яамдын шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах, оролцогч талуудын хүрээг өргөтгөхөд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. 

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдөр үндэсний хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Биотехнологийн сургуулийн үйл ажиллагаа, лабораторийн орчинтой танилцуулж, орон нутаг, эрдэм шинжилгээний байгууллагууд цаашид хэрхэн хамтарч ажиллах боломж, арга замын талаар санал солилцуулах ажлыг зохион байгуулсан.

12 дугаар сарын 01-ны өдөр аймаг, нийслэлийн Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар БШУЯ-наас санаачилж хэрэгжүүлсэн “MON-X” инновацийн хөтөлбөрийн эцсийн шалгаруулалт болох “DEMO DAY” арга хэмжээнд оролцлоо. 

Энэхүү хөтөлбөр нь бүс, нийслэл, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэдийн оролцоотойгоор инноваци ашиглан шийдвэрлэх санаачилгуудыг дэмжих хөтөлбөр юм.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments