ЖЁОХОКҮ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Монгол Улсын Дорноговь аймаг, Япон улсын Шизуока мужтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Япон Улсын Шизуока мужийн Жёохокү сургуультай хамтран ажиллах эхлэлийг тавьж, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Шизуока мужийн сурагчид Дорноговь аймгийн сурагчдад “Рандосэрү” цүнх, Дорноговь аймгийн сурагчид Шизуока мужийн сурагчдад морин хуур, оньсон тоглоом, монгол хүүхэлдэй харилцан гардуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн талаас Боловсролын газрын дарга Ч.Отгонбаяр, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн захирал Б.Эрдэнэцэцэг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөллүүд оролцсон бол Шизуока мужийн талаас Боловсролын газрын дарга Кинаэ Наохиди, ахлах сургуулийн бодлого хариуцсан хэлтсийн дарга Накаяма, Жёохокү сургуулийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцож, харилцан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.

Мөн тус арга хэмжээны үеэр Сайншанд сумын 5 дугаар сургуулийн 34 сурагч, англи хэлний 1 багш, Жёохокү сургуулийн 30 сурагч, англи хэлний 1 багш оролцож, “Тогтвортой хөгжлийн зорилго (SDG)” сэдвээр панел хэлэлцүүлэг зохион байгуулснаас гадна сурагчид ганцаарчилсан уулзалт хийн танилцаж, цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм.

Монгол, Япон хүүхдүүд англи, япон хэлээр шууд харилцан, тогтвортой хөгжлийн зорилгыг ханган далайн байгаль хамгаалах, эх газрын байгаль хамгаалах сэдвүүдээр харилцан ярилцсан нь сурагчдын хувьд танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсныг дурдаад муж, аймгийн сурагчид орон зай, цаг хугацаа, цар тахлаас үл хамааран шууд харилцаж, лазер камерын тусламжтайгаар дэлгэц шилжилтээр холбогдсон анхны ажиллагаа амжилттай зохион байгуулагдсаныг аймаг, мужийн удирдлагууд онцоллоо.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ СУВАГ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments